Sunday, December 13, 2009

Х.Тэмүүжин: Миний хүсэл тийм аюултай гэж үү

Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Засаглалын шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сэтгүүлчдийн дунд “Зангиагүй уулзалт” зохион байгуулсан юм.
Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин гишүүн 1970 оноос хойш төрсөн, 35-40 насны, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлстэй шинэ үе нийгэмд гарч ирсэн, энэ үе төр засаг болоод бусад зүйлсийг хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө харахыг хүсч байна. Тийм учраас би энэ удаа шинжлэх ухааныг яаж дэмжих, засаглалыг хэрхэн сайжруулах болон залуучууд юу бодож байна вэ гэдэг сэдвээр санал бодлоо солилцохыг хүсч байна гэлээ.
-Өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа.
Би ч гэсэн гүйцэд хөгжиж чадаагүй салбарын л нэг төлөөлөл. Монголд өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байхгүй. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаан өмнөх нийгмийн үеэс эхлээд шинжлэх ухаан гэхээсээ илүү үзэл суртлын зэвсэг л болж ирсэн. Тийм учраас хуучин посткоммунист орнуудад өмнөх нийгмийн үед шинжлэх ухааны цол, зэрэг хамгаалсан хүмүүсийнхээ цолыг бүгдийг хураасан. Тэгээд “таны хамгаалсан цол өнөөгийн нийгмийн шаардлага хангаж чадаж байна гэдгээ нотолж чадвал буцаагаад авч болно оо” гэсэн. Харин манайд тэгээгүй. Хүний хөгжлийн онолоор бол хүмүүсийг уламжлалт ба иргэншсэн гэж хоёр ангилдаг. Хүн амынх нь 50-иас дээш хувийг иргэншсэн хүмүүс бүрдүүлж байгаа улс орнууд өнөөгийн хөгжингүй орнуудыг тэргүүлж байгаа. Иргэншсэн хүмүүс амьдралынхаа тулгамдсан асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Өөрийнх нь бизнес ашиггүй боллоо гэхэд “надад зах зээлийн мэдлэг дутагдаж байна, удирдах арга барил маань буруу байна, эсвэл сэтгэлзүйн хувьд бий энэ ажилд бэлэн биш байна” гэх мэтээр өөрийнхөө ойлгодог зүйлд итгэж дүгнэлт хийдэг.
Уламжлалт хүмүүс бол өөрийнхөө ойлгодоггүй зүйлдээ илүү хүч чадал өгч, түүнд итгэдэг. Саяын тохиолдолд жишээ нь лам дээр очих ч юм уу. Лам “Авдранд чинь нэг улаан өнгөтэй эд зүйл байна, түүнийгээ гаргаад хаячихвал бизнес чинь амжилттай болно” гэхэд яг тэр ёсоор хийдэг. Аягүй бол авдраа уудлахад нэг улаан өнгөтэй зүйл олдож л таарна шүү дээ. Уламжлалт хүмүүс шийдвэр гаргахаас үргэлж зугтаж, харин хэн нэг нь өмнөөс нь шийдвэр гаргасны дараа үргэлж гомдоллодог. Уламжлалт хүмүүс Африк, Латин Америк болон Зүүн өмнөд Азийн орнуудын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг гэж үздэг. Төрийг дээдлэх үзэлтэй ийм хүмүүсийг хуурахад маш амархан. Тийм учраас уламжлалт хүмүүс зах зээлд илүү хохирдог. Манайд ч гэсэн хүн амаа иргэншүүлэхэд чиглэсэн боловсролын систем байхгүй учраас хүмүүс их эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Харин иргэншсэн хүмүүсийг бол хуурах боломжгүй. Тэдний асуулт нь үргэлж ухаалаг, тооцоотой байдаг. Ийм хүн амтай улс оронд ардчилал маш хурдан, үр дүнтэй хөгждөг. Ардчилал бол иргэншсэн хүмүүст зориулсан, тэдний оролцоо, хариуцлагыг шаарддаг нийгэм. Сайн ч, муу ч олон нийтийн оролцоог сонгодог учраас иргэд нь мухар сусэгтэй, хоёр дахь Чингэсээ хүлээдэг бол ардчилал бидэнд юу ч авчрахгүй.
Энэ ярианы дараа сэтгүүлчдийн асуулт хөвөрсөн. Ярианы сэдэв мэдээж саяхан “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдвээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр хийсэн  сонсгол, шүүхийн шинэчлэл, хуулийн байгууллагын үйл ажиллагаа болон ардчиллын 20 жил, Ардчилсан намын шинэчлэлийн асуудал руу хандаж байлаа. Энэ талаар түүний сэтгүүлчдэд өгсөн хариултын товчлон хүргэе.

No comments:

Post a Comment