-Хорин жилийн өмнөх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг ярихын тулд тэр үеийн Монголын оюутны холбоог дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Тэрхүү хувьсгалд Монголын ард түмнийг манлайлан зохион байгуулсан дөрвөн холбоо байсны нэг нь Монголын оюутны холбоо. Тэгэхэд та удирдлагуудынх нь нэг байлаа. Эндээс яриагаа эхлэх үү?
-Тийм ээ. Монголын оюутны холбоо, удирдлагууд гэж ярихаас илүүтэй тэр үеийн оюутнууд бүгдээрээ ардчилсан хувьсгалыг хийлцсэн баатрууд гэж хэлэх нь оновчтой юм. Цаг үе, нийгмээ өөрчлөх хэрэгтэйг ойлгож мэдэрсэн залуус, оюутнуудын хүсэл эрмэлзэл, чин зориг Монголын оюутны холбоог хувьсгалд уриалан дуудаж зохион байгуулсан гэж би боддог. Тэгэхээр Монголын оюутны холбоо, тэр үед удирдлагад байсан хүмүүс оюутнуудаа хувьсгалд дуудаж, зохион байгуулсан гэж хэлбэл даруу биш болно. Харин энд зайлшгүй хэлэх зүйл гэвэл оюутнууд, тэр үеийн Монголын оюутны холбооны ардчилсан хувьсгалд гүйцэтгэсэн үүргийг өнөөгийн улс төрийн нам, хүчин, ард түмэн ямагт хүндэтгэдэгт би маш их баярладаг.
-Ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист холбоо бүгд л хожим улс төрийн нам хүчний суурь болсон. Харин Монголын оюутны холбоо (МОХ) тэдгээрээс ялгаатай нь гэвэл төрийн эрхэнд гарах улс төрийн зорилгогүй байсан гэдэг. Мөн тэр үеийн дурсамж, тэмдэглэлээс харж байхад оюутнууд олон зүйлд анхдагч, бас цул хүч болж байсан гэж ойлгогддог юм?
-Оюутнуудын хамгийн гол зорилго, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил нь цаг үеэ өөрчлөх, эрх чөлөөтэй нийгмийг бий болгох явдал байсан болохоор улс төрийн эрх мэдэлд хүрэх, засгийн эрхийг авах гэдгээс арай өөр утга, агуулгатай байлаа.
Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны цуглаанаас хэдхэн хоногийн өмнө буюу 1989 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд цуглаан зохион байгуулж, тэр үеийн нийгэмд хамгийн анх удаа зохион байгуулалттайгаар эрх баригчид, МАХН-ыг шүүмжилсэн юм. Тэгэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвхөн төрийн, МАХН-ын тушаал заавраар юуг мэдээлэх, эс мэдээлэхээ шийддэг байсан үе болохоор үндсэндээ ард түмэн тэр цуглааны талаар юу ч мэдэлгүй өнгөрсөн. Энэ цуглааны дараа 12 дугаар сарын 10-ны өдөр ардчилсан хөдөлгөөнүүдийн анхны цуглаан нийслэлд болсон юм. Өлсгөлөн зарлаж, өөрсдийн шаардлагаа хүлээн зөвшөөрүүлэх талаар оюутнууд бас анх ярилцаж байсан.
Тэр үеийн Улс төрийн товчоог огцруулах талаар дөрвөн зүйл бүхий шаардлагыг гуравдугаар сарын 4-ний өдөр болсон ардчилсан хүчний дөрвөн холбооны цуглаанаас гаргаж, түүнийгээ эрх баригчдад өргөн бариад байсан. Харин 7-ны өдрийн өлсгөлөнг гэнэтхэн зарласан юм. Үүний өмнөхөн буюу гуравдугаар сарын 5-ны өдөр манай хоёр оюутан МУИС-ийн Тавхай, Төрөө хоёр маань 17-18 зүйл бүхий шаардлага, мөн үүнийг хүлээж авахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн өргөх бичиг бариад над дээр хүрээд ирдэг юм. Өлсөх гэдэг үхэхтэй ялгаагүй санагдаад шууд дэмжиж чаддаггүй. Тэгсэн хэрнээ адилхан зорилготой болохоор ойлгоод байдаг. Юу ч гэсэн хоёр найзыгаа дайлахаар МУИС-ийн хажуугийн 18 дугаар гуанзанд орж, хооллох зуураа гурвуулаа ярилцаж тохиролцлоо. Ярилцсаар байгаад би тэр хоёртой хамт өлсөх, тэгэхдээ гуравдугаар сарын 4-ний цуглаанаас гаргасан дөрвөн зүйл шаардлагыг хүлээж авахгүй бол 9-ны өдрөөс өлсгөлөн зарлая гэдгийг нөгөө хоёроороо зөвшөөрүүлсэн юм. Тэгээд тэр дор нь үүнийгээ өргөдөл болгож бичээд АИХ-ын тэргүүлэгчдэд хаяглаад Төрийн ордны арын иргэдийг хүлээн авах байранд аваачиж өгч байсан. Энэ баримт одоо ч архивт бий. Гэтэл өлсгөлөн 7-нд эхэлж, Тавхай, Төрөө хоёр “чамаас болоод өлсгөлөнгөөс хоцорлоо” гээд надад уурлаж билээ. Тэгээд 8-ны өдөр манай хоёр өлсгөлөнд нэгдсэн дээ.
-Мөн 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн өлсгөлөн сайнаар төгсөхөд Монголын оюутны холбооны удирдлагууд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон хүн дурсдаг юм билээ?
-Маргааш нь эмэгтэйчүүдийн баяр болох гэж байхад нэг хэсэг нь өлсгөлөн зарлалаа гэх уур амьсгал байсан л даа. Тэр үед МОХ-ныхон хэсэг, хэсгээрээ их, дээд сургуулиуд дээр очиж цуглаан, ухуулга явуулдаг байсан юм. Талбайд өлсгөлөн эхэлсэн тэр өдөр би Анагаахын дээд сургууль дээр очиж таарсан. Тэгэхэд яг Мартын 8-ны үдэшлэг болж, оюутнууд баяраа тэмдэглэж байв. Баярын үдэшлэгийг нь тасалдуулан микрофоныг нь аваад цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн талаар ухуулга хийсэн бид хэд тэндээс хөөгдөөд гарч байсан юм.
Харин маргааш нь бид зургаан мянга шахам оюутныг зохион байгуулан талбай руу жагсаалаар орж ирсэн нь өлсгөлөн зарлагчдыг сэтгэл санаагаар өргөн дэмжсэн, эргэлзэж байсан хүмүүсийг зоригжуулж, хурцалсан алхам болсон. Ер нь оюутнууд өлсгөлөнд оролцогчдоо хутган үймүүлэгч, эсэргүүцэгчдээс хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээж байсан. Өлсгөлөн эхэлснээс хоёр хоногийн дараа 9-ны өдөр талбай руу цэргийн хүч оруулна гэсэн яриа тарсан юм. Сүхбаатарын талбай руу нэвтэрч орох таван гарц байдгийн нэгийг МоАХ, хоёр дахийг нь Шинэ дэвшилт холбооныхон, гурав дахийг нь Ардчилсан социалист холбооныхон хамгаалахаар болж, үлдсэн хоёрыг нь оюутнууд хамгаалалтад авахаар төлөвлөж байсан. Ардчилсан хүчний дөрвөн хөдөлгөөнөөс хамгийн цул, хүчтэй нь МОХ байсан хэрэг л дээ. Мөн 9-ны өдрийн үдээс хойш талбай дээр харгалзах хүнгүй яваа хүүхдүүдийг болзошгүй аюулаас холдуулах зорилгоор оюутнууд ажилласан. Хүүхдүүдийг МУИС-ийн хоёрдугаар байрны хурлын зааланд цуглуулаад компотоор дайлаад, зураг зуруулаад... Ер нь бид МУИС-ийн хичээлийн II байранд Оюутны зөвлөлийн өрөөнд төвлөрч ажлаа явуулдаг байсан юм. Тухайн үед хамгийн идэвхтэй нь байсан МОХ санаачлан ардчилсан хүчний нөгөө гурван холбооны удирдлагуудаа тэр өрөөнд урьж уулзаж, “Ардчилсан хүчний эвслийг” байгуулж байлаа. Энэ эвслийн нэрээр бид дараа дараагийн олон ажлыг хамтран зохион байгуулсан юм.
No comments:
Post a Comment